Монгол бахархал /Үндэсний дээл/

Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг. Угсаатан ястны хувцас нь Монгол туургатны нийтлэгийг тусгах боловч түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд өөрийн гэх өвөрмөц онцлогийг бүрдүүлжээ. Хувцас бол тэдний эрхлэх аж ажуй, газар нутгийн онцлог, хүрээлэн орчны буюу зэргэлдээ нутгийнханы нөлөөлөлтэй нягт уялдаж байдаг онцлогтой юм.  

 Дарьганга

Сүргийн хүүхэн

Шүрэнд дуртай

Халхын хүүхэн

Гаансанд дуртай гэдэг үг байдаг. 

Угаас дархаараа гайхагдсан ард түмэн нь ур нарийн хийцтэй мөнгөн эдлэл дээр улаан шүрээр чимдэг онцлогтой ба үс нь халх эмэгтэйн үстэй төстэй юм. Зуны улиралд эрчүүд бөс даавуун тэрлэг өвөл бусад монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд "ханжаар-хантааз", "давхац-хүрэм" өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ.Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидана. Өвлийн цагт адуу манахдаа жирийн ард нь ямааны дахтай, ихэс дээдэс язгуурын хүмүүс нь чонон дахтай байдаг байна.

Үзэмчин

Малгай зүүсгэл нь нэг цогц. Дан улаан шүрээр чимэглэж, дундуур нь мөнгө тана зэргээр чимэглэл хийдэг онцлогтой юм. Монголын Сүхбаатар аймагт Үзэмчин нар амьдарч байна. Ууж нь үзэмчин эзэгтэйн ёслолын өмсгөл юм. Уужны энгэр, цээж хоёр нь хөл, алх гэсэн хоёр анги эмжээртэй. Дээд алх эмжээр нь төө урт, сөөм өргөн юм. Хол шилжээр (эмжээр)-ийг өнгийн солонгон тууз, морин саа зэргээр хийдэг. Уужны хормойн захаар шилжээр, өргөн тасам, солонгон тууз, морин саа барьж эмждэгээрээ бусдаас ялгаатай. Уужинд нь баруун, зүүн ташаа хийдэг бөгөөд ар хормойдоо оноотой байдаг байна.

 

Барга 

Халх эхнэрийн дээлээс санаа авч хийсэн гэдэг ба толгойн гоёл нь 13 мөнгөн чимэглэлтэй. Үсний гэр хэрэглэдэггүй гэдгээрээ онцлог юм. Эхнэр хүмүүс үсний гэрэнд үсээ хийсэн байгааг та бусад ястны хувцаснаас харж байгаа байх. Барга нар нь Монголын Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд амьдарч байна. 

 Халх 
Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг.

Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай гаанс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Хэт хутга, тээг, гаанс, тамхины хэрэглэл нь эр хүний эдлэл хэрэглэл нь юм. Хэтийг тээгэнд дундаа гогцоотой утсанд сүлжээд цуваа цэг гаргадаг ба эмээлийн тоног хэрэглэлдээ мөнгө сийлбэртэй оюу ихэвчилэн хэрэглэдэг. Хутганы хуй иш ховилийг хээлдэг. Тамхиний хэрэглээнээс гаансны толгойд цэцэг гөрмөл дэл тохим хийдэг. Соруул нь хээгүй дотор нь мөнгөн хаж хийж бөгжилдөг.

Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр хүний үс нь эвэр үстэй гэх ба залуу хүүхэн нь гэзэгтэй байна. Залуу бүсгүйчүүд зангидсан улаан сампинтай залаатай тоорцог өмсөж гэзгэндээ хар өнгийн утсан цацаг сүлждэг. Эмэгтэй хүний ахуйн хэрэглээнд зориулан “таван саваагүй” бүтээсэн ба үүнд чихний ухуур, хумсны хир авагч, хямсаа, шүдний чигчлүүр, хэлний хусуур зэрэг байдаг. Үүнийгээ бүснээсээ унжуулна.Бүснээсээ олон өнгийн даавуу унжуулдаг нь арчиж цэвэрлэх угаахад зориулагдсан байдаг.Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.

Хотон 

Үндсэн өнгө нь хар өнгө, Улиралдаа тохируулан тэрлэг, хүрэм, цув хэрэглэдэг. Бусад ястнаас ялгагдах онцлог нь эмэгтэй нь ууж богинотой, энэ нь нэгд: захирч байсан ноён нь бусад ястнаас ялган танихын тулд, хоёрт нь: морь унахад тохируулж болно.

 Буриад эмэгтэй

Буриад эмэгтэйн дээлийн энгэр нь хурц омогтой, гурвалсан эмжээртэй тэрхүү эмжээрийн дээд хэсэг нь цайвар өнгийн(хоргой) эд үүнийхээ удаа хар хилэнгээр мөн удаанд нь улаан өнгийн бөсөөр өнгө хослуулан эмждэг онцлогтой. Малгайны хар нь газар, цэнхэр нь уул, улаан нь нарыг билэгдэх ба 11 хөндлөн хэрээс нь Буриадын 11 овгийг нь төлөөлнө. Балжин хатныг дурсах үүднээс үе бүртээ өнгө өнгийн торгоор эмждэг. Балжин хатан болвоос оюун ухаан сэргэг, холч хараатай хатан байсан учраас Манж хааны зараалаар мөчөө тастуулан нас нөгчсөн домогтой гэдэг юм байна.Энгэрт байх гурван өнгө нь доор нь улаан, цус ба аз жаргалыг билэгддэг, дундлах хар нь зовлонг билэгдэх ба эмжээргүй байгаа нь тэр зовлонг өөртөө барьж тогтоолгүй гаргаж явуулна гэсэн утга санаа бүхий байна. Дээр нь ямар овгийн хүнээс шалтгаалан тэр өнгийг нь хаддаг. Жишээ нь Бодонгуд ногоон, Шарайд шар гэх мэт юм. Монголын Дорнод Хэнтий Сэлэнгэ аймгуудад амьдарч байна. Буриадын хувцас нь бусад монголчуудын хувцастай адилхан авч нарийн гоёл, эсгэц, хийц маягаар ялгаатай. Буриад эрэгтэйчүүдийн дээлний энгэр хурц омогтой, гурван эмжээртэй. Эмжээрийн дээд тал нь хөх буюу ногоон өнгөтэй. Үүнийг цагаалж гэдэг. Цагаалж эмжээрийн удаа нь хар хилэнгээр өргөн эмжинэ. Дараа нь түүний яг адил хэлбэрээр улаан эдээр эмжсэн байдаг. Эдгээр эмжээрийн дундуур хөндлөн, хол, хол гүйлгэн оёж, оёдлын хоорондох  зайгаар зөөлөн эд хийж хэд, хэд хамарласан хөшилт гаргаж гоёл хийнэ. Дээл, тэрлэгний энгэрийн гутгаар оёлыг дээд, дунд, доод тэнгэр хэмээн тайлбарлах бөгөөд энэ нь эртний шүтлэг бишрэлийн ойлголтыг тусгасан ч байж болох.  Дээлийн хормой, ханцуйн үзүүрийг хилэн буюу хар өнгийн өөр эдээр өргөн эмжинэ. Хижээл хүний нударга том, залуу хүнийх бага хоёр янз байв. Нударгыг  хурганы арьс, ангийн үсээр хийж  хоргой, торгомсгоор эмждэг.Эрэгтэй дээлийн захны ар нь өндөр, захны товч хадах хэсэг нь намхан. Буриад эрэгтэйчүүд хантааз хэрэглэнэ. Хантааз нь  хоёр ташаандаа оноотой, өргөн эмжээртэй, хошмогтой, энгэр нь ердийн дээлийн маягтай юм.

Цаатан

Цаа маллаж амьдардаг ба цааныхаа арьсаар нь хувцас болон гэр сууцаа хийдэг. Эмэгтэй нь элдэв чимэггүй цагаан өнгөтэй байдаг. Монголын Хөвсгөлийн тайгад амьдарч байна.

 

Эх сурвалж: "Монгол костюмс" ХХК